“Өсвөр насны хүүхдүүдийг бие даах” төслийн хүрээнд хамрагдаж буй 32 хүүхэд “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн 5 км-ийн төрөлд амжилттай оролцож, нэг өдрийг эрч хүч, инээд баяр, урам зоригоор дүүрэн өнгөрүүллээ.
Энэ удаагийн марафон нь зөвхөн хурд хүч сорьсон тэмцээн бус, хүүхэд бүр өөрийгөө ялж, тэсвэр хатуужил, хамтын нөхөрлөл, зөв дадлын үнэ цэнийг мэдэрсэн онцгой өдөр байв. Оролцогч хүүхдүүд гараанаас бариа хүртэл бие биенээ дэмжиж, “чадна” гэсэн итгэлээр дүүрэн гүйсэн нь олон хүнд эерэг үлгэр дуурайлал болсон юм.
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт нь 42 км, 21 км, 10 км, 5 км болон гэр бүлийн төрөл зэрэг олон ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн 5 км-ийн төрөлд өсвөр үеийнхэн олноороо оролцжээ.
Төслийн хүүхдүүдийн хувьд энэхүү оролцоо нь спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх чухал алхам боллоо.
“Барианд орсон мөч бүр ялалт байлаа” хэмээн хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцаж, ирэх жилүүдэд ч дахин оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Хүүхэд бүрийн инээмсэглэл, хичээл зүтгэл, тууштай байдал энэ өдрийн хамгийн сайхан амжилт байлаа.







0 Comments